Мэндчилгээ

Мэндчилгээ

Монгол Улсын иргэдийг бичиг үсэгт сурган соён гэгээрүүлэх, эх орондоо орчин цагийн боловсролыг үүсгэн хөгжүүлэх үйл хэрэгт гавьяатай үүрэг гүйцэтгэсэн үе үеийн сурган хүмүүжүүлэгч эрдэмтэн багш, боловсролын байгууллагын ажилтан, ажилчид, шинэ мянган, шинэ зууны эрэлт шаардлагыг хангах эрдмийн их аянд дөрөөлөн эх орондоо ирээдүйг цогцлоон байгуулах өсвөр үеийнхэн, мянга мянган шавь нар, Монголын боловсролын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан бидэнтэй хамтран ажиллаж байгаа нийт байгууллага, хамт олон та бүхэнд Багануур дүүрэгт орчин цагийн боловсрол үүсч хөгжсөний 40 жилийн ойн баярын мэндийг хүргэж, Багануур дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.

Нэг үндэснээс салаалан ургасан манай байгууллагын түүх яахын аргагүй Боловсролын байгууллагатай салшгүй холбоотой. Анх 1992 оны 05 дугаар сарын 19-ний Дүүргийн Засаг даргын 112 дугаар захирамжаар Боловсролын хэлтсийг байгуулж, бүтцэд нь “Хүүхдийн алба” үйл ажиллагаагаа эхлүүлснээр манай байгууллагын үндэс суурь тавигдсан түүхтэй. Тэр цагаас хойш Хүүхдийн алба нь дан ганц хүүхэд гэлтгүй тулгын гурван чулуу шиг гэр бүл, хүүхэд, залуучууд гэх нийгмийн хөгжлийн үндэс суурийг бүрдүүлэгчдэд төрийн бодлого хэрэгжүүлэх шинэ үүрэгтэй ажиллаж байна.

Дүүргийнхээ шавхагдашгүй эх ундарга болсон хүүхэд, залуучуудад чанартай боловсрол эзэмшүүлэх их үйлсийг нэр төртэй биелүүлж, боловсролын чанарыг дэлхийн жишигт хүргэх зорилтоо амжилттай хэрэгжүүлж буй Боловсролын байгууллагаар овоглосон үе үеийн сурган хүмүүжүүлэгч эрдэмтэн багш, боловсролын байгууллагын ажилтан, ажилчид та бүхэнд халуун баярыг хүргэе. Номын цагаан буян дэлгэрч, эрдэм оюуны эх булаг ундран арвижих болтугай.

Багануур дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Т.Ганзориг